Бидний тухай

ОРОН НУТАГ ДАХЬ ХОРИХ АНГИ БУЮУ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА  459 ДҮГЭЭР ХОРИХ АНГИ - ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР

 

   1966 онд БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль батлагдсан хэрэгжиж эхэлсэн үеэс аймаг, орон нутгуудад байсан хорих ангиудыг бүсчлэн нэгтгэх замаар Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонийг байгуулж эхэлсэн.

Ингэхдээ хуульд заасны дагуу жирийн болон чанга, онцгой дэглэмийн колонууд, гяндан гэсэн ялгавартайгаар байгуулж байсан ба БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол шийдвэрээр 1950-1960 онд 6, 1960-1970 онд 5, 1970-1980 онд 10, 1980-2000 онд 12 удаа Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони, хорих ангийг шинээр байгуулах, татан буулгах, өөр хооронд нь нэгтгэн зохион байгуулах үйл ажиллагаа хийгдэж байсан нь түүхнээ тодхон үлдсэн.

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар нь 2001 оны байдлаар төвдөө 100 орчим орон тоотой, төвлөрсөн болон орон нутгийн нийт 27 хорих анги, нэгдсэн эмнэлгийг харьяалан ажиллаж байсан ба энэ үеийн гол онцлог нь харьяа байгууллагуудын үйлдвэрлэл сэргэж, хоригдлын хөдөлмөр эрхлэлт дээшилсний дээр ерөнхий газар, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, насанд хүрээгүйчүүдийн хорих анги, дамжин өнгөрүүлэх анги, төвлөрсөн хорих анги, түүнчлэн хоригдлын эмчилгээний зардлыг бүхэлд нь улсын төсвөөс санхүүжүүлэх болсон явдал юм.

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөгжлийн эх үүсвэр нь дээрх өөрчлөлтүүдтэй салшгүй холбоотой бөгөөд 1958 онд Сүхбаатар аймаг дахь НАХХ-ийн харъяа 4 дүгээр тусгай камендатур байгуулагдаж, шүүхийн шийдвэрээр дэглэм буурсан, тэнсэн ялтай хүмүүжигчдийг хөдөлмөрийн хамт олны дунд хүмүүжүүлэх тухай шийдвэрийн дагуу тухайн үеийн барилга угсралтын конторын барилгын бригадуудад хуваарилан ажиллуулж байсан.

Анх байгуулагдахад 10 орчим гэрт хоригдлыг хорих, конторлох зэргээр үүрэг гүйцэтгэж байсан ба улмаар албаны байртай болж өргөжин, 60 гаруй хүмүүжигчтэй тусгай алба болон ажиллаж байгаад 1989 онд татан буугдсан байна.

Тухайн үеийн камендатурын даргаар дэд хурандаа Х.Мантай, хөдөлмөр хүмүүжил эрхэлсэн байцаагчаар хошууч О.Мангал, харуул хамгаалалтын байцаагчаар ахлагч З.Жамъяанжамц, тоо бүртгэлийн байцаагчаар дэслэгч Ц.Ядамжав, сэргийлэгчээр Д.Ганхуяг, М.Насанбат, Ж.Батдорж, н.Лхагвасүрэн, н.Тэгшжаргал, н.Энхжаргал, н.Мөнхбат нар ажиллаж байжээ.

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолыг үндэслэн Сүхбаатар аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “жирийн дэглэмд Хорих анги” статустай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших “Зараа” хэмээх газар байрлаж байсан Орос цэргийн ангийн суурин дээр “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги” буюу 459 дүгээр хорих анги нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

Хууль зүйн Сайдын 1991 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар тус хорих ангийн анхны даргаар хошууч Ш.Бухаа томилогдож, нягтлан бодогч Т.Доржготов, нярав Д.Төмөр, харуул даргаар Ч.Баяр, хүний тоо бүртгэлийн байцаагч Ж.Мядаг, Р.Баярсайхан, хянагчаар М.Энхбаяр Э.Мэндсайхан нарын 20 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байжээ.